Холбооны үйл ажиллагаа  2016.03.05

Сэтгэлийн нар

 

2015 оны 8-р сард төрөн гарч байсан бяцхан "СЭТГЭЛИЙН НАР" хэмээх номноосоо та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Долоо хоног бүр нэг гэр бүлийн түүхийг та бүхэндээ хүргэх болноо. 
Өмнөх үг

 

Энэхүү номыг бичиж эхлэхэд олон бэрхшээлүүд байлаа. Яг суугаад одоо л бичье гэхээр үзэг, цаас, сэтгэл гурав нийлж өгөхгүй нэлээдгүй хугацааг бодолд автан өнгөрөөлөө. Бүхэл бүтэн хүний амьдрал, хүний хувь заяа гээч агуу зүйлийг уншигч таны сэтгэл зүрхэнд хэрхэн цаасанд буулгаж хүргэхээ үйл ойлгоно. Миний хувьд бодолд дарагдсан олон хоногийг өнгөрөөлөө. Гэхдээ нэг л өглөө сэтгэлд минь "Сэтгэлийн нар” хэмээх үг зурвас хийн орж ирлээ. Хүний сэтгэл зүрхэнд "Сэтгэлийн Нар” үгүй болбоос амьдрах хүсэл тэмүүлэл, зорилго үгүй болох мэт санагдлаа. Таны зүрхэнд хүсэл эрмэлзэл, хэн нэгний төлөө цохилох зүрх байдаг учраас л та өнөөдөр амьдралын төлөө тэмцдэг, ажилладаг, хайрладаг, хичээдэг, зүтгэдэг байх. Амьдралын энэ урт хугацаа таны хүүхэд насандаа мөрөөддөг, тэмүүлдэг шиг дардан байдаггүй. Хүүхэд бүрийн сэтгэлд гэрэлт ирээдүй, аз жаргалаар дүүрэн хайр, хүссэн бүхнээ авна гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг. Он цаг улирч өнгөрөхийн хирээр бяцхан тэр зүрх хатууждаг, уйлдаг уярдаг. Энэ бүхэн л таны хүн болж байгаагийн нэг илрэл бизээ. Аав, ээж болж аз жаргалаар амьдралыг төсөөлдөггүй хүн гэж энэ хорвоо ертөнцөд нэгээхэн ч үгүй.

Ганцхан би ....,

Яагаад зөвхөн би гэж...., ямар буруу зүйл хийсэн гэж ....., гэсэн бодлууд сэтгэлд торж, хоолой дээр зангидсан гар шиг хатуу зүйл тулж, нүд урдах замаа ч харж чадахгүй нулимсаар бүрхэх үе хүний амьдралд цөөнгүй. Насанд хүрсэн том аавыг уйлуулж, ээжийг сар жилээр ч уйтгар гунигт хүргэдэг хүчтэй ч хожим нь ойр орчмынхоо бүхий л хүний хайрыг булаасан, хамгийн өхөөрдөм, өвөрмөц хүмүүн. Гэхдээ энэ бүх мэдрэмж гомдлын цаана та ганцаараа зогсдоггүй. Таныг тулдаг түшдэг хань ижил, аав, ээж, ах дүүс найз нөхөд байдаг. Яагаад энэ бүхнийг гол сэдвээсээ өмнө учир нь үл ойлгогдохоор бичээд байгаа юм бол гэж уншигч таны дотор бодогдож байгаа нь лавтай.

Тэгвэл энэ асуултын хариулт нь .......,

· Эгэл жирийн бусдаас хувь илүү хүчтэй, тэмцдэг, өдөр бүр хэн? хүний гайхсан харц, ам амандаа шивнэх үгс, таагүй хандлага гаргадаг нэгнийг тоох ч үгүй өөрийнхөө " ЕРТӨНЦ”-ийг хамгаалдаг. ААВ,ЭЭЖ, ЭМЭЭ, ӨВӨӨ, АХ, ЭГЧ, ДҮҮ....,

· Зүрх зүсэм үгийг танаас сонссон ч шазуур зууж гомддоггүй, эргүүлээд танд зүрх сэтгэлээсээ "хайртай шүү” гээд өөрийнхөө "ертөнцөөр” таныг уучилж чаддаг тэр цэвэр ариун сэтгэлтэй хүмүүсийн талаар бичих гэж зорилоо.

Энэ номонд та тавхан минутыг зориулаад тэдний "ертөнцийг”, тэдний эцэг, эхийг ямар их хүчтэй, сэтгэлийн хаттай хүмүүс болохыг цухас ч гэсэн ойлгуулж таниулахыг хүслээ.

2014 оны 07 сарын 09-нд н.Хүслэн

 

Ээж Долгортой ярилцсан тэмдэглэлээс.

Үхтэл үр харам гэдэг үг сэтгэлд хамгийн эхэнд бууж байна. Долгор бид хоёрын яриа өрнөөд бүхий л зовлон бэрхшээл, аз жаргалаа хуваалцаж байхад бүсгүйн нүдэнд нулимс хурж байцсаныг тодоос тод анзаарч харснаа уншигч танаас нуух юун. Хүүгээ "Бурхнаас заяасан гайхамшигт бэлэг” гэдгийг зүрхнээсээ мэдэрч ухаарсан агуу гэр бүлийн түүхийг өөрийн чадлаараа сийрүүлэн танд хүргэе. Хүнд хэцүүг даван туулж одоогийн, өнөөдрийн аз жаргалдаа хамтын хүчээр хүрч чадсан агуу гэр бүлийн түүх.

2014 оны 5-р сарын 14-нд н.Хүслэн хүүгийн түүх эхэлсэн юм. Хүслэн 7 нь сар хүртэл нь аав, ээж нь "Дауны хам шинж”-тэй гэж мэдээгүй байсан бөгөөд ханиад хүрч, ханиад нь хүндрэн Эх Нялхсын сэхээнд ороход нь эмч нь Хүслэнг "Дауны хам шинж”-тэй гэдгийг эцэг эхэд нь тодорхой хэлж өгчээ. Мэдээж ээж хүний сэтгэлд яаж хүрч зүрх өвтгөм байсан нь хэнд ч ойлгомжтой байх. Эх Нялхсын сэхээнд байх хугацаанд Долгорын хувьд өдөр бүр хүний нүднээс нуугдаж ганцаараа мөн ч их уйлж байсандаа гэж ярьж байсан юм. Хүүгээ тэврээд хоёулханаа нэг өрөөнд байх үедээ хэнтэй ч сэтгэл зүрхээ хуваалцаж чадахгүй хүндхэн байсан гэдгээ хэлж байхдаа санаа алдаж байсныг хараад сэтгэл минь их өвдөж билээ. Энэ хэцүү цаг үед Хүслэнгийн аав нь энэ бүх хүндхэн цаг үеийг даван туулахад Долгорт хамгийн их сэтгэлийн тэнхээ, хүч зоригийг өгч байсан. Аав нь эмч учраас "Дауны хам шинж” гэдэг нь өвчин биш буюу төрөлхийн бөгөөд ургийн хэвийн бус хөгжлөөс шалтгаалж үүсдэг ба Даунтай хүүхэд,насанд хүрсэн хүн бусадтайгаа нийтлэг онцлогтой байдаг. Үүнд гаднах төрх, оюуны хөгжлийн бэрхшээл өвчний онцлог шинжүүд багтдаг гэдгийг анхлан мэдэж авсан гэдэг. Мөн Дауны хам шинжийн талаар илүү илүү олон эерэг мэдээллүүд байдгийг эхнэртээ ойлгуулж сэтгэл санааг нь тайтгаруулсан гэдэг. Энэ үйл явдлын дараа удаа ч үгүй "Монголын Дауны Холбоо” байгуулагдаж энэ холбоогоороо дамжуулан олон эцэг эхчүүдтэй уулзаж бэрхшээлүүдийг хэрхэн даван туулахыг ойлгож тайвширсан. Монголын Дауны Холбооны талаар товшчихон сийрүүлбэл 2008 онд анх дөрвөн гэр бүлийн санаачилгаар байгуулагдаж байсан. Анх үүсгэн байгуулагдаж байхдаа Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Дауны холбооны гол зорилго нь тэдний эрүүл байх, сурч боловсрох, нийгэмшүүлэхэд нь тэдний асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдэд нь дэмжлэг өгөх зорилготойгоор 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол одоо 200 гаруй гишүүнтэй том айл болжээ.

Хүслэн өсөж том болохын хирээр бэрхшээлүүдтэй нэлээдгүй тулгарч байсныг Долгор ярьж байсан юм. Цэцэрлэгт явж байх хугацаанд үе тэнгийнхнээсээ хоцрохгүй бүх л зүйл болж байсан. Харин сургуульд ороход энгийн хүүхдүүдтэй хамт сурахад 1-р ангидаа ижил төвшинд байсан ч анги ахих тусам улам хоцорч, эцэг эхийн зүгээс сөрөг хандлага гарч энгийн хүүхдүүдтэй сургах нь зөв гэж үү гэх яриа хүчтэй биш ч гэсэн цөөнгүй гарч байсан. Даунтай хүүхдийн хөгжил удаан байхаас гадна нас биед хүрсэн ч түүнд хэн нэгний тусламж хэрэгтэй байсаар л байдаг. Даунтай хүүхдүүдийн хөгжил өөр хоорондоо ялгаатай байдаг. Хүслэнгийн хувьд ч мөн адил цогих, суух, алхахдаа хожуу байсан бөгөөд булчингийн сулралтай байсантай холбоотой. Хүслэнгийн гэр бүлийн хувьд бүх л юмаа хүүдээ зориулдаг гэж ээж Долгор нь хэлсэн юм. "ХҮН ЖАРГАЛ ДААДАГГҮЙ ЗОВЛОН ДААДАГ” гэдэг нь үнэн юм билээ. Хүслээг төрсөн цагаас нь эхлэн хөдөлгөөн заслын хичээлд уйгагүй явуулж зун бүр хөдөө агаарт гаргаж их тэмцэж зүтгэсний хүчинд хүү минь дөрвөн настай чөлөөтэй гүйж эхэлсэн. Ихэнх хүмүүс харилцан адилгүй байдгийн адилаар хүүд минь хүн бүр л янз янзаар ханддаг. Гадуур дагуулаад явахад гадны хүмүүс сонжиж харна, хүүхдээ татаж чангаана. Энэ чинь хүнд халдварлахгүй нийгэмд гэм хоргүй . Харин хамаатан садан гэр бүлийнхэн нь бүгд л их сайн хандаж бүхий л зүйлд нь буулт хийж их эрхлүүлдэг. Ээж хүний хувиас хэлэхэд хүү минь таны л хүүхдийн нэг нь адил хүүхэд юм шүү дээ гэж хэлмээр байна. Манай гэр бүлийн хувьд эрс өөрчлөгдөж бүхнийг хүүгийнхээ төлөө зориулдаг болж амьдралыг илүү сайхнаар хардаг болсон.

Хүүгээ бүх үсгээ сураад хаа нэг нь газар төөрлөө гэхэд аав ээжрүүгээ залгаад хаана байгаагаа хэлдэг болоосой гэж бодож байна. Одоо нас нь бага байгаа болохоор энэ зүйлийг л хүсэж байна. Миний хүү ирээдүйд өшөө илүү юу ч хийж ямар ч амжилтад хүрч болохыг таашгүй. 18 нас хүрэхэд нь ямар нэг нь спортоор сайн хичээллүүлж сургаад сайн тамирчин л болгохыг хүсэж байна. Гэхдээ ээж л хүн болсон юм хойно хүүгээ өвдөхөд их шантардаг байсан. Ээж, аав хүнд сэтгэлийн агуу их тэвчээр хэрэгтэй юм билээ.

 

Хүүгээрээ бахархаж баярлаж байсан үе манай гэр бүлийн хувьд зөндөө. Анх алхаж эхлэхэд нь, цэцэрлэгийн "шувуухай” урлагийн наадамд оролцож байхад их бахархаж цаашид өшөө илүү олон зүйлийг хийж бүтээж чадах болно гэдэг итгэл төрж байсан. Бидний ирээдүйн дуу хоолой болсон цаашид илүү ихийг хийж бүтээх залуу үе маань эдгээр хүүхдүүдэд илүү анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Нийгмийн ажлууд илүү их хийж анхлаад л харилцаанаасаа бүх зүйлээ эхлээсэй гэж хүсдэг. Эдгээр хүүхдүүд нь дээд тэнгэрээс ээж, аавыгаа сонгож төрдөг гэж сонсож байсан юм байна. Миний хүү бид хоёроос өөр, эсвэл хэцүүхэн зан авиртай хүний хүүхэд болж төрөөгүйд нь их баярлаж явдаг. Тэнгэрээс заяасан бэлэг гэдэгт итгэдэг.

Сэтгэлийн нар

 


 




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй